Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал чиглэлийн 32,2 километр Монголын анхны хурдны авто замын нээлт боллоо. Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Уг авто зам ашиглалтад орсноор Олон улсын нисэх онгоцны шинэ буудал Улаанбаатар хоттой хурдны авто замаар холбогдож, иргэдийн тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэх юм. Мөн манай улсыг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэж, бидэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Төслийн хүрээнд 32,2 километр асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт 6 ширхэг гүүр, явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай 20 ширхэг нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой тус тус баригдсан. Барилгын ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй “EPC” гэрээг 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Зам, тээврийн яам болон БНХАУ-ын “Чайна Тиэсижу Сивил Инженеринг Групп” компанийн хооронд байгуулсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК зэрэг дотоодын компаниуд тус тус ажиллалаа. Харин барилгын ажлын Зөвлөх үйлчилгээний гэрээг 2016 оны тавдугаар сарын 18-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” компанийн хооронд байгуулж, туслан гүйцэтгэгчээр “Эс Ар Пи” ХХК ажиллав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Сүүлийн жилүүдэд Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын барилгын ажлын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт нийцсэн хийц, бүтэцтэй авто замыг төлөвлөх, барьж байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 километр, 2 урсгал бүхий 6 эгнээтэй Монгол Улсын анхны хурдны авто замын хөдөлгөөнийг нээж байгаадаа баяртай байна” хэмээн тэмдэглэлээ.
Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд зам, тээврийн салбарт ойг угтсан олон ажил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү монголын анхны хурдны авто замын бүтээн байгуулалт юм.