2025 онд авто замын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, амжилттай дүүргэсэн Авто замын салбарын Тэргүүлэх төсөвчин, Зөвлөх инженерүүд 10-р сарын 15-ны өдөр гэрчилгээ, тамгаа гардан авлаа.
Гэрчилгээг Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ нар гардуулав.
“Монгол Улсын Зөвлөх инженер” 3 инженер, 1 инженер “Тэргүүлэх төсөвчин” гэсэн нэр хүндтэй зэргийг шинээр авч, 1 инженер “Тэргүүлэх төсөвчин”-ний зэргээ сунгасан байна.
Авто замын салбарын тэргүүлэх төсөвчин нь “Мэргэшлийн хүрээнд бизнес төлөвлөгөө хийх, шалгах, төсөв, санхүүгийн тооцоо, гүйцэтгэлийн төсөвт өртөгт магадлал хийх, хөндлөнгийн дүгнэлт, шүүмж хийх” эрх, үүрэг хариуцлагатай байдаг бол Авто замын салбарын зөвлөх инженер нь мөн “Мэргэшлийн хүрээнд төсөл, техник технологийн шийдэлд үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэй бөгөөд залуу хойч үедээ зааж сурган, зөвлөн хамтран ажиллах эрхэм үүрэг хариуцлагыг хүлээдэг юм.
Монгол Улсын Зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин гэсэн эрхэм нэрийг өндөрт өргөн, хариуцлагатай байж авто замын салбартаа үлгэр дуурайлал болж түүчээлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.
Монголын авто замчдын холбоо.
