Мэдээ, мэдээлэл

Авто замчид 95 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Зам, Тээврийн яам, Нийслэлийн замын хөгжлийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Монголын Авто замчдын холбоо, Боловсролын үнэлгээний төв хамтран  Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой, Авто Замчдын баярыг 10 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.  Баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэг дээр хүндэтгэл үзүүлснээр эхэлж, Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа нээж Авто замчиддаа 95 жилийн ойн баяр, Авто Замчдын баярын мэнд хүргэж, үг хэллээ.

 Монгол улсын авто замын сүлжээ ая тухтай дардан байж, Алтан шар зам өлзийтэй байхын ерөөл өргөж, Найр энтертайнментын Морин хуурч Өлзийсайхан,  Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Бямбадорж “Эрдэнэ засгийн унага” Монгол ардын уртын дуугаар ая барилаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Х.Пүрэвжаргал, МАЗХ-ны ерөнхийлөгч З.Батбаяр, Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж тэргүүтэй салбарын баатар, гавьяатууд, Зөвлөх инженерүүд, ахмадууд, инженер техникийн алба хаагч нар хүрэлцэн ирсэн байлаа.

Баярын үйл ажиллагаа Corporate hotel and Convention center- Concert hall-танхимд баярын хурлаар үргэлжилж, хурлыг Зам, Тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нээж үг хэлж, Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайханы мэндчилгээг дамжуулж, Засгийн газрын шагналаар шагнагдсан Авто замчиддаа шагнал гардуулан баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Мөн Монгол Улсын зөвлөх инженер “Хулжийн голын зам” ХХК-ийн захирал Д.Ганболд, ШУТИС-ийн БАС-ийн дэд профессор, Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Р.Болормаа, Менежментийн ухааны доктор И.Гэрэлмаа захиралтай Авто замын сургалт, судалгааны институт “Ай Роуд” ХХК-ийг  Монголын авто замчдын холбооны “Хүндэт дэвтэр”-т тус тус алдаршууллаа.

Өнгөрсөн жил Авто Замчдын баяраа үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монгол бөхийн өргөөнд бөх барилдуулан цэнхэр дэлгэцээр шууд дамжуулан орон даяар тэмдэглэж байсан бол энэ жил “Ирээдүйн замд инженерүүд хөтөлнө” уриан дор ирээдүй хойчийн залгамж халаа болсон Нийслэлийн 6 дүүргийн 12-р ангийг төгсөгч инженер мэргэжил сонирхолтой 350 гаруй хүүхдүүдэд авто замын ажил мэргэжлийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд бүрт дурсгалын зүйл гардууллаа.

Мөн хурлын үеэр Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ш.Сувдмаа “Элсэлтийн шалгалт”, “Мэргэжил сонголт” сэдвээр, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн дэд профессор, доктор, Монгол улсын зөвлөх инженер Рэнцэндоржийн Болормаа, Техник технологийн дээд сургуулийн Сургалт, судалгааны албаны дарга, профессор, Зөвлөх инженер Долгорсүрэн нар Авто зам, гүүрийн инженер бэлтгэж буй талаар танилцуулга хийж, Авто замын салбарт амжилттай ажиллаж байгаа тэргүүний инженерүүдийн сэтгэгдэл шторк хэлбэрээр үзүүлэн, ажил мэргэжлээ сурталчлан танилцууллаа.

Түүнчлэн Монголын авто замчдын холбооны зүгээс сурлагын амжилтаараа тэргүүлж яваа ШУТИС-ийн Гүүрийн инженерийн ll ангийн оюутан Сугаржавын Адъяабазар /голч дүн – 3.75/, Гүүрийн инженерийн IV ангийн оюутан Батчулууны Энхмэнд /голч дүн – 3.52/ нарт тус бүр 500,0 төгрөг, өргөмжлөл, баглаа цэцгээр шагнаж, сурлагын их амжилт хүслээ.

Баярын арга хэмжээнд хүндэт зочдод зориулж Ардын жүжигчин С.Ганзориг Авто замчдын хүндэтгэлийн дуу “Алтан шар зам”, Ургацын далай” дуугаар, Реппер дуучин Ginjin, Mrs M нар ая дуугаа өргөлөө.

Баярын хурлын дараа Авто замчдынхаа дунд Дартс, Биллиардын тэмцээн зохион байгууллаа.

Дартсын тэмцээнд:

Тэргүүн байрт: Зам, Тээврийн яамны баг тамирчид;

Дэд байрт:  Борхойн Зам ХХК-ийн баг тамирчид;

Гутгаар байрт: Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ баг тамирчид;

Биллиард /Эрэгтэй/

Тэргүүн байранд Б.Гантөмөр /ЗТЯ/;

Дэд байранд Д.Ганболд /Хулжийн голын зам ХХК/;

Гутгаар байранд Б.Бат-Ундрах /Уужуу зам ХХК/;

Биллиард /Эмэгтэй/

Тэргүүн байранд С.Жамбаа /Тэгшт плант ХХК/;

Дэд байранд Ч.Болор-Эрдэнэ / Эм си пи си жи ар ХХК/;

Гутгаар байранд Ц.Ариунхэрлэн /ЗТХТ ТӨҮГ/;

Биллиард /Ахмад/

Тэргүүн байрт: Х.Хүрэлбаатар/ХЗТ Авто зам ХХК/;

Дэд байрт: О.Батнасан /Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК/;

Гутгаар байрт: О.Алтантуяа /Эрдэнэ зам ХХК/ нар тус тус шалгарчээ.

Авто замчдын баярын үйл ажиллагааг ивээн тэтгэн оролцсон ЗГБ Холдинг ХХК, Экспресс зам ХХК болон Мега титан ХХК-ийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлж байна.

Авто замчдын маань ажил үйлс нь өөдрөг, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.

Scroll to Top