Мэдээ, мэдээлэл

Ажил олгогч төгсөгчдийн уулзалт өдөрлөг зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулиас “Авто замын инженерчлэл”, “Гүүрийн инженерчлэл”, “Усны барилга, байгууламж” мэргэжлийн АЖИЛ ОЛГОГЧ-ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ-ийг 2024 оны 6-р сарын 6-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн VIII байранд зохион байгууллаа.

Энэ өдөрлөгийн хүрээнд ажил олгогчдыг төлөөлж “Монголын Авто Замчдын Холбоо”-ны Ерөнхийлөгч З.Батбаяр, “Авто зам, гүүрийн салбарын ирээдүйн бүтээн байгуулалт, инженерүүдийн сургалт, хөгжих боломж”-ийн талаар танилцууллаа. Мөн “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо”-ны Тэргүүн Н.Нямсүрэн болон авто зам, гүүр, усны барилга байгууламжийн зураг төсөл, барилга, угсралтын 20 гаруй компани оролцжээ. Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочин Монгол улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер “Мөнхөд Ашдын Зам” ХХК-ийн Зөвлөх Д.Нанзаддорж Замын салбарын ирээдүй болсон залуу инженерүүдэд баяр хүргэж ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүсэж ерөөлийн үг хэлэв.

Авто замын барилгын мэргэжлийн 47 дахь төгсөлт болох 2023-2024 оны хаврын улиралд бакалаврын түвшинд Авто замын инженерчлэл хөтөлбөрөөр 16, Гүүрийн инженерчлэл хөтөлбөрөөр 5, усны барилга байгууламжийн инженерчлэл хөтөлбөрөөр 3 төгсөгч, магистрын түвшинд авто замын инженерчлэл хөтөлбөрөөр 2, гүүрийн инженерчлэл хөтөлбөрөөр 3, усны барилга байгууламжийн инженерчлэл хөтөлбөрөөр 3 оюутан төгсөж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Шилдэг бакалаврын дипломын шагнал гардуулах үйл ажиллагаа болсон бөгөөд Монголын авто замчин залуучуудын холбоо болон МАЗХ-ны гишүүн байгууллага болох “Баткубик” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК нар ивээн тэтгэж, хөтөлбөр тус бүрээр Шилдэг дипломын төсөл шалгаруулан, шагнал гардуулав. Үүнд:  

  • Авто замын инженерчлэл бакалаврын хөтөлбөрөөр С.Сумъяабазарын гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын Тоосгоны үйлдвэрээс Улиастай чиглэлийн авто замын төсөл”;  
  • Гүүрийн инженерчлэл бакалаврын хөтөлбөрөөр Э.Энхнямын гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн уулзвар дээрх авто замын гүүрэн гарцын төсөл”;
  • Усны барилга байгууламжийн инженерчлэл бакалаврын хөтөлбөрөөр Б.Ариунзаяагийн гүйцэтгэсэн “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Баянголын ам, Олон улсын Найрамдал зуслан орчмын ус хангамжийн төвлөрсөн системийн төсөл”  гэсэн 3 дипломын төсөл “Шилдэг дипломын төсөл”-р шалгарч Ивээн тэтгэгчийн шагналаар шагнууллаа.

2023 оноос эхлэн шинэлэг санаа тусгасан дипломыг Онцлог дипломын төслөөр шалгаруулах болсон. Энэ удаагийн онцлог, шинэ санаа бүхий төслөөр

  • Авто замын инженерчлэл бакалаврын хөтөлбөрөөр О.Баярбилэгийн гүйцэтгэсэн “Төв аймгийн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас Сэргэлэн сум чиглэлийн авто замын төсөл”
  • Гүүрийн инженерчлэл бакалаврын хөтөлбөрөөр Д.Ганзоригийн гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хороо, Цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар дээрх авто замын гүүрэн гарцын төсөл” зэрэг төслүүд тус тус шинэ санаа бүхий онцлог дипломын төслөөр шалгарч ивээн тэтгэгчийн “Тусгай шагнал”-р шагнуулав.

Магистрын түвшинд “Авто замын инженерчлэл”, “Гүүрийн инженерчлэл” хөтөлбөрөөр төгсөгчид судалгааны ажлаараа ханын үзүүлэн самбар гаргаж, өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлаа ажил олгогчид болон нийт төгсөгчдөд танилцуулав.

Энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагын хүрээнд залуу үеэ ивээн тэтгэж оролцсон “Монголын Авто Замчдын Холбоо”, “Монголын Авто замчин залуучуудын холбоо”, “Тэргүүн саруул зам ХХК”, “Геоурбан ХХК”, “Баткубик ХХК”, “Их Уул зам ХХК”, “Ангад Арвижих ХХК” зэрэг байгууллагуудад Барилга Архитектурын Сургуулийн Инженерийн байгууламжийн салбараас талархал илэрхийлж талархалын гэрчилгээ гардуулав.

Магистр, бакалаврын түвшний нийт төгсөгчдөд Авто зам, гүүрийн инженерчлэлийн мэргэжлийн багш нараас авто зам, гүүр, барилгын бүтээцийн чиглэлээр ном, гарын авлага бэлэглэснийг “Ангад Арвижих ХХК” ивээн тэтгэж оролцов.

Өдөрлөгийн арга хэмжээ нь төгсөгчдийг ажил олгогчтой танилцуулан уулзуулах, дадлага хийх оюутнуудыг байгууллагуудад танилцуулан холбох, багш сурган хүмүүжүүлэгчид сургалтын үйл ажиллагаа болон үр дүнгээ шууд таниулах, ажил огогчдоос сургалтын хөтөлбөрийг сайжруулах, салбарт ойртуулах чиглэлээр санал, зөвлөмж хүлээн авах боломжтой, оролцогч талуудын зорилгод нийцсэн чухал арга хэмжээ болж амжилттай өндөрлөв.

Авто зам, гүүр, усны барилга байгууламжийн шинэхэн инженерүүддээ ажлын өндөр амжилт хүсье

Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

Scroll to Top