Мэдээ, мэдээлэл

ХБНГУ-Д ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ, АЯЛЛЫН ТУХАЙ

            Монголын авто замчдын холбооноос Берлин дэх Төвд агентлагтай хамтран ХБНГУ-д зохион байгуулах сургалт, туршлага судлах аялал 2024 оны 04 дүгээр сарын 03-11-ны өдрүүдэд хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

Туршлага судлах аялалд МАЗХ, УБЗЗАГ ОНӨААТҮГ, Хөвсгөл АЗЗА ТӨХК, Эрдэнэсант АЗЗА ТӨХК, Хархорин АЗЗА ТӨХК, Сэлэнгэ АЗЗА ТӨХК, Харгуй ТӨХК, Талын зам ТӨХК, Орхон АЗЗА ТӨХК, Ангад арвижих  ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын цахим дэд бүтэц, зам тээврийн яамны харьяа “Хурдны зам” ХХК-ийн баруун бүсийн Вэстхафн дахь салбарын замын арчилгааны газар, Холбооны цахим дэд бүтэц, зам тээврийн яамны харьяа Левэркүзэн дэхь замын хөдөлгөөн зохицуулалтын төв, Холбооны цахим дэд бүтэц, зам тээврийн яамны харьяа авто замын судалгаа туршилтын хүрээлэн /BaST/ дээр сургалт, шинэ туршилтуудтай танилцах сургалтыг танхимаар,  Херне замын уулзвар шинээр хийгдэж байгаа тунелийн бүтээн байгуулалт, хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг тухайн газар дээр нь биечлэн танилцах хэлбэрээр зохион байгуулагдав.  

Хурдны зам ХХК-ийн талаар:

Вэстхафн дахь салбарын дарга, Авто замын судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч дарга Хатагтай Зауэрвайн-Бракзийк Хурдны зам ХХК-ний талаар танилцуулав.

Уг танилцуулгатаа  2018 оноос хойш шинэ бүтцээр Холбооны Цахим дэд бүтэц, зам тээврийн яамны харьяанд хурдны замын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, засвар арчлалт, бусад үйлчилгээг хариуцан ажилладаг байна. Тус баруун бүсийн салбарт 3 муж улсын нутаг дэвсгэрийн 13000 км замыг хамарсан  10 салбар ажил үйлчилгээ явуулах ба 28000 гаруй гүүрэн байгууламжтай, жилдээ 214 тэрбум орчим км замын ачаа эргэлт хийгддэг гэдгийг  дурдаад Герман улсын зам хуучирч элэгдсэн, дамжин өнгөрөх транзит тээврийн хөдөлгөөн, суудлын авто машины хөдөлгөөн, хүнд даацын тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөн тус тус ихэссэн нь замд өгөх тэнхлэгийн ачаалаллыг нэмэгдүүлж байгаа нь тулгамдсан асуудал болсон байна. Энэ үүднээс замын аюулгүй байдлыг хангах, үндэсний хэмжээний гүүрийн байгууламжийг шинээр байгуулах шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж, төлөвлөлтийн хууль гаргаж ихээхэн хэмжээний хөрөнгө зарж, тус салбар жилдээ 742 сая евро зарцуулж ажиллладаг талаар ярилаа.

Баруун бүсийн АЗЗА-нуудын бүтэц зохион байгуулалт, засвар арчлалтын талаар:

АЗЗА хариуцсан хэлтэс гэж байх бөгөөд тус бүсийн салбарын  АЗЗА хэлтэс нь 18 АЗЗА харьяалж ажиллахдаа замын хөдөлгөөн, техник тоног төхөөрөмж, тунелийн байгууламжийн  тоног төхөөрөмж, мэдрэгчүүд, хурдны замын барилга байгууламж зэргийг хариуцдаг байна.

Сургалтад хамрагсад Генсен Хенсен гэх зам засвар арчлалт /манайхаар бол АЗЗА гэсэн үг/-ын газрын бүтэц, замын засвар арчилгаа үйлчилгээтэй танилцав. Тус салбарт 4 АЗЗА харьяалагддаг. АЗЗА компаниуд нь хийх ажлын жагсаалт/стандарт/-ыг баталж машин техник, хүн хүч, байнгын бэлэн байдлыг хангаж ажилладаг. АЗЗА-нуудын хийх ажилд замын хажуугийн ногоон байгууламж замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, замын тоноглол тэмдэгтүүдийн бүрэн бүтэн байдал, хугацаа дууссан тэмдэгтийг солих, зам болон гүүр, тунелийн цэвэрлэгээ, ус зайлуулах байгууламжийн цэвэрлэгээ, замын хог хаягдлыг цэвэрлэх, хөрсөн дээр тогтсон бохир усыг цэвэрлэх, цас зайлуулах, аюулгүй байдлыг хангах ажлууд тус тус багтдаг байна. АЗЗА компаниуд өдөр болгон ажлын тайлангаа цаасаар өгдөг байсныг АЗЗА апптай болсон нь шууд төвдөө мэдээлэл хүрдэг, ажлын дараа сууж хийхгүй болсон, мөн ослын апптай болж ослыг төвдөө өгдөг байна. Үүнийг хэрэгжүүлснээр ажлаа хийж байх явцдаа мэдээлэл хүрдэг цаг хугацаа хэмнэсэн давуу талтай ажил болжээ.

Мөн АЗЗА-нууд нь үйл ажиллагаандаа инноваци хэрэгжүүлж өвлийн засвар арчлалтыг ерөнхий цаг уурын мэдээ болон хурдны зам дагуу байрлуулсан цаг агаарын мэдээлэгчээс ирсэн мэдээг харьцуулж боловсруулалт хийгээд ямар нөхцөл байдал үүсэхээс шалтгаалж хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шингэн хэлбэрийн давсыг машинаар цацаж байна. Энэ нь өвлийн арчлалтыг заавал цас орсны дараа хийх биш урьдчилан арга хэмжээ авч байгаагаараа онцлог байгаа юм. Зам дээр ажил хийж байгаа хүмүүсээ хамгаалах зорилгоор ямарч ажил хийж байсан ослоос хамгаалах тэмдэглэгээг заавал хамт хийж байна.

Түүнчлэн инновацийн хүрээнд хурдны замын бүх АЗЗА-нууд нарны зайн коллективээр цэнэглэгдсэн байна.

Хурдны замын гүүрийн барилгын ажлын талаар:

Мөн тус сургалтаар баруун бүсийн хурдны замын гүүр барилгын ажлын А-43 төслийг танилцуулав. Уг төсөл нь Рур бүс буюу суудлын машины хөдөлгөөний эрчим өндөртэй газруудад хийх 7 хэсэгчилсэн төсөл хэрэгжүүлэхээс одоо 2 төслийг эхлүүлээд байна. Энэ төслийн нэг нь 2 урсгалтай замыг нэг талыг нь 3, нийт 6 урсгалтай болгох гүүр барих ажлын явцтай танилцлаа. Энэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил нь гүүрийн дэргэд төмөр зам, тунелтэй ойрхон тул уг төмөр замын ажлыг тасалдуулахгүй байх, нөгөө талаас германчууд зам урсаж байх ёстой гэж үздэг учир гүүрийн нэг талыг урсгалыг явуулж нөгөө урсгалын гүүрийг барьж байлаа. Хоёр дахь эхэлсэн төсөл нь бидний  хөтөлбөрт тусгагдсан Херне хурдны замын уулзварт баригдаж байгаа тунелийн шинэ төсөл байлаа. Бидэнд үзүүлсэн тус газар нь хурдны замын уулзварт байрладаг олон талын эрх ашгийг хөндөхгүй байхаар нилээд төлөвлөлт шаардсан ажил байв. Баригдаж байгаа тунелд тавигдах шаардлагуудтай танилцлаа.

ХБНГУ-д одоогийн хөдөлгөөний ачааллыг тооцоолоогүй 50 гаруй жилийн насжилттай гүүрийн байгууламж тулгамдсан асуудал болсон бөгөөд ерөнхий хяналтыг 6 жил тутам, энгийн хяналтыг 3 жил тутам явуулж, дүнэлт гарган 1-5 үнэлгээ өгч, 5 үнэлгээтэй гүүрийн байгууламжийг шинэчлэх ажлыг эхний ээлжинд хийж байна. Түүнчлэн гүүрийн байгууламжийг шинэчлэх зорилгоор төлөвлөлтийг эрчимжүүлэх хууль гаргасан. Хууль байхгүйгээс төлөвлөлтийг хийхдээ ойр ойрхон суурин газар амьдарч байгаа нийтийн эрх ашиг, газар дор байгаа инженерийн байгууламж, дэд бүтэц, зарим газарт 8-10 метрийн өндөртэй дуу чимээ намсгагчтай бүсчлэл хийх зэргээр маш олон талын эрх ашгийг харж зөвшилцөж байж  төлөвлөлт дээр 10-аад жилийн хугацаа алддаг байжээ. Энэ хууль гарснаар шинэ гүүрэнд тавигдах ерөнхий нөхцлийг өөрчилж хуучин гүүрний ашиглалтыг сайжруулахад цаг хугацаа түргэсгэх боломжтой болжээ.

Замын хөдөлгөөн зохицуулалтын төвийн талаар:

Тус төв нь  Холбооны Цахим дэд бүтэц, зам тээврийн яамны харьяанд өсөн нэмэгдэж байгаа авто замын хөдөлгөөнд зохицуулалт хийх зорилгоор 2013 онд байгуулагдсан бөгөөд 2020 оноос өмнө муж улсын хөдөлгөөн зохицуулдаг байсан бол хурдны замын бүтэц өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор 2020 оноос эхлэн зөвхөн хурдны замын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнийг зохицуулж байна. Тус төв хурдны замын түгжрэлийг сааруулах, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний зохицуулалт хийхийн тулд урсац зохицуулах, сүлжээ зохицуулалтын арга хэмжээ авах, оргил ачааллын үед хөвөө чөлөөлж зорчуулах, замын уулзваруудад гэрлэн дохиолол сууриулах гэх мэт ажлуудыг хийж байна. Хөдөлгөөнд оролцогчдод хурдны замд түгжрэлтэй газарлуу орохоос урьдчилан сэргийлж хурдны зам дагуу мэдрэгчтэй автомат төхөөрөмж сууриулуулахаас гадна мэдээллийн самбар байрлуулж аль замаар явахаа сонгох, аль сүлжээг ашиглах  боломжоор хангах зэргээр арга хэмжээ авч байна. Мөн хөдөлгөөнд оролцогч нарт хөдөлгөөний ачааллын мэдээллийг автоматаар өгч мэдээллийн урсгалыг бий болгон ажиллаж байна.

Сүлжээний 144 самбар ажиллах ба энэ олон самбарыг тус төвийн 24 цагаар ажиллаж байгаа операторууд дангаараа гар аргаар зохицуулах  боломжгүй учир хөдөлгөөний  сүлжээний мэдээлэл дээрээ үндэслэн автомат зохицуулалт хийх аргыг 4 жилийн өмнөөс эхлэн хэрэгжүүлсэн байна. Операторууд хурдны зам дагуу хөдөлгөөн зохицуулалтыг шаардлагатай тохиолдолд өөрсдөө мэдэн хийдэг бөгөөд тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагын оролцоо огт байдаггүй байна.

Авто замын судалгаа, туршилтын хүрээлэнгийн талаар:

Төлөөлөгчдийг Холбооны цахим дэд бүтэц, зам тээврийн яамны харьяа авто замын судалгаа туршилтын хүрээлэн /BaST/-д зочлон ерөнхийлөгч профессор Маркус Өэзер хүлээн авч, бид Холбооны цахим дэд бүтэц, зам тээврийн яамны харьяа авто замын судалгаа туршилтын хүрээлэн /BАST/ дээр тус хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаатай танилцав.

Энэ удаагийн сургалтын хүрээнд Хөрөнгийн менежмент хийгээд цахим ихэршил, Гүүрийн бүтээн байгуулалтыг шуурхайлах, Хөдөлгөөний аюулгүй байдал, Түгжрэлээс зайлсхийх сэдвээр сургалт авч тус хүрээлэнгийн туршилт явуулдаг байр, техник тоног төхөөрөмж, симуляцийн лабораторитай танилцлаа.

Сургалт, танилцах аяллын явцад төлөөлөгчид шинэлэг шийдэл, шинэ технологитой танилцсан, сонирхсон асуултаа асууж хариулт авч мэдлэгийн хүрээгээ тэлсэн, авто замын салбарыг хөгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд нэгдсэн нэг бүтэц, тогтолцоонд оруулж байж, хувь хүнийг мэдлэгийн болон хандлагын хувьд хөгжүүлж байж, салбарын хөгжил, эх орны хөгжил ахидаг гэдгийг ойлгуулсан үр өгөөжтэй сургалт боллоо.

Цаашид авто замын салбарын компаниуд мэргэжлийн инженерүүдийг сургалт, аялалд идэвхтэй хамруулж мэдлэг олгох, сонсож мэдсэн зүйлээ эх орондоо нэвтрүүлж болох ажлыг эхлүүлэх нь зүйтэй болов уу.

Scroll to Top