Авто замын салбарын ХVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн золголт 2024 оны 02 дугаар сар 13-ны өдөр Баянгол ресторанд морин цагт эхэллээ.
Тус арга хэмжээг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр нар нээж авто замын салбарынхандаа сар шинийн мэнд дэвшүүллээ. Мөн Монгол Улсын их хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нийт замчиддаа сар шинийн мэнд дамжуулсныг та бүхэндээ уламжилж байна.
Авто замын салбарын золголтоор ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилтан албан хаагчдад төрийн дээд одон медалиар шагнагдсаныг Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр, Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа нар гардууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор:
- Дэчингомбо Батбаяр – Хөвчийн зам ХХК
- Рэнцэндорж Болормаа – ШУТИС
- Самбуу Хаснавч – ШУТИС
- Цэдэнбалжир Дөлбадрах – Зам, тээврийн хөгжлийн яам
- Гомбо Цагаанчулуун – Хөвчийн зам ХХК
- Заминдий Цогзолмаа – Гангүүр ХХК
- Чойдонгаваа Энхжаргал – Ай си ти сайн консалтинг ХХК
- Цэнд-Аюуш Сайнтуяа – “Гангүүр” ХХК
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар
- Жүгдэр Батнасан – Говийн сод транс ХХК
- Зандан Лхагвасүрэн – Гангүүр ХХК
- Должинсүрэн Мөнхсахъяа – Билэгт зам ХХК
- Батнасан Чулуун – Их харгуйн зам ХХК
нар шагнагдсан байна.
Авто замын салбарын золголтод хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан, Б.Үүрийнтуяа нар ардын дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөн барив.
Тус арга хэмжээг Ахмад буурлуудынхаа тохойг түшин амар мэндийг нь асууж ерөөсөн Авто замчдын золголт өргөн дэлгэр боллоо. Ирж буй Луу жилдээ Авто замчид та бүхэн минь эрүүл энх, элбэг баян, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.