Мэдээ, мэдээлэл

Монголын авто замчдын холбоо орон нутагтай хамтран  хэлэлцүүлэг хийлээ.

Монгол авто замчдын холбоо  Орхон аймагт Засаг даргын тамгын газартай хамтран “Авто зам -2024” уулзалт хэлэлцүүлгийг  2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын танхимд зохион байгууллаа.

            Орхон аймаг Засаг Даргын Тамгын газраас 2024 оны авто замын бүтээн байгуулалтай холбогдуулан  тус хэлэлцүүлэгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулах сонирхолтой зураг төсөл зохиогч, техник технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага, зам барилгын гүйцэтгэгч нарт болон аймгийн Засаг Даргын Тамгын газар, инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудын удирдлага болон мэргэжилтнүүд, авто зам, замын байгууламжийн засвар арчлалт хариуцсан байгууллагын төлөөлөл,  Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ, удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр, Л.Батхүү, Д.Эрдэнэдаваа, Монгол авто замчин залуучуудын холбооны Тэргүүн Н.Нямсүрэн, удирдах зөвлөлийн гишүүн Б.Олзбаяр, Б.Батцэцэг нар болон зураг төсөл, зам барилгын гүйцэтгэгч компанийн төлөөллийн хамт оролцлоо. 

            Аймгийн удирдлагууд Эрдэнэт хотын зам талбайн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. Илтгэлийн үеэр аймгийн засаг дарга М.Түмэнжаргал төлөвлөсөн төсвийг үр ашигтай зарцуулж чанартай, иж бүрэн гудамж замтай болох зорилт тавин ажиллаж байгаагаа онцолж цаашид мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дурдлаа.

            Авто замчдын холбооноос “Хот, суурин газрын гудамж зам төсөллөлт”, “Авто замын ус зайлуулах байгууламж төсөллөлт”, “Төсвийн норм дүрмийн өөрчлөлт, орон нутгийн авто замууд дээр зохиогчийн хяналт хийх явцад гардаг нийтлэг алдаа дутагдал”, “Авто замын мэдээллийн сан түүний ач холбогдол”, “Авто замын барилгын ажлын чанарын хяналт” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

            Хэлэлцүүлгийн үеэр захиалагч, зураг төслийн байгууллага, техник технологийн зөвлөх үйлчилгээний байгууллага, зам барилгын гүйцэтгэгч байгууллага, инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаатай ажиллах, асуудлыг аль шатанд нь шийдвэрлэх, харилцан ойлголцлын зөрүүтэй байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж нэгдсэн нэг ойлголтод хүрснээр хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.

            Монголын авто замчдын холбоо нь оны анхны хэлэлцүүлгээ орон нутагтай хамтран явуулснаараа онцлог байлаа.

Scroll to Top