Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН СУРГАЛТ ЯВАГДЛАА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” Төсөл 2-ын хүрээнд салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулах, авто замын байнгын засвар, арчлалтын талаарх сургалтыг  2023 оны 11 дүгээр сарын 29-12 дугаар сарын 01-ний өдрүүдэд баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Уг сургалтад “Говь-Алтай АЗЗА” ТӨХК, “Ховд АЗЗА”ХХК, “Увс АЗЗА”, Баян-Өлгий “Жол” ХХК, Баянхонгор “Их богд зам АЗЗА”,  “Завхан АЗЗА” “Хархорин-АЗЗА”, “Архангай-АЗЗА” ХХК, “Архангай-Авто зам” ХХКомпаниудын гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, ХАБЭА-н инженер 18 хүн хамрагдаж, танхимын хичээл, дадлага хичээлийг хослуулсан сургалтыг явуулав.

Сургалтын хөтөлбөр ёсоор  “Авто замын ээлжит засвар арчлалт”-ын талаар Монголын авто замчдын холбооны Сургалт арга зүйн зөвлөлийн дарга, Монгол улсын зөвлөх инженер Я.Баярхүү;

 “Авто замын гүүр хоолой, ус зайлуулах байгууламжийн арчлалт засварын үндсэн шаардлага, арчлалт хамгаалалтын ажлын онцлог”-ийн талаар Монгол улсын Зөвлөх  инженер Ч.Баясгалан;

 “Авто зам, гүүр, хоолойн засвар, арчлалтын ажил,  Хөдөлгөөн, кемп зохион байгуулалтын үеийн аюулгүй байдал”-ын талаар “Баян хүрээ” сургалтын төвийн захирал, Монгол улсын Зөвлөх инженер, ХАБЭА-ийн сургагч багш Х.Баянхангай;

“Замын засвар арчлалт хийх үеийн хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал”-ын талаар Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад, докторант Д.Мөнгөн нар тус бүр 2 цагийн онолын хичээлээр сургалтыг тус тус явууллаа

Сургалтад хамрагдсан инженер техникийн ажилтнуудад “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд тавигдсан замын эдийн засгийн ач холбогдол, байгаль цаг уурын онцлог нөхцөл, хамгаалалтын хашлага хана, зогсоол болон түр амрах талбай, туузан хашлага, гэрэлтүүлэгч бөмбөлөг, авто замын тэмдэг, тэмдэглэгээ,  Баян-Өлгий аймгийн Бураатын давааны мөнхцэвдэгтэй хэсэгт 1300 м уртад цэвдэгээс хамгаалах термосифон хоолойны ажиллах зарчим, ач холбогдол, хамгаалах шонгийн талаар төслийн инженер Б.Эрдэнэбаатар танилцууллаа.

 Ховд аймгийн Алтай сумын Бодончийн хавцлын замын үзлэгийг газар дээр нь явуулж суралцагчдад замын эвдрэлийн гол шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, тулгараад буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар, Ховд аймгийн Шургын гүүрэн дээр гүүрийн үзлэгийг явуулж гүүрийн хашлага, гүүрийн тулгуур, дан нуруу,  түүнд нөлөөлж буй зүйл, анхаарах асуудлын талаар Монголын авто замчдын холбооны Сургалт арга зүйн зөвлөлийн дарга, Монгол улсын зөвлөх инженер Я.Баярхүү, Монгол улсын зөвлөх инженер Ч.Баясгалан нар тайлбарлан өгч суралцагч нараар үзлэгийн хуудсыг бөглүүлэв.

Сургалтын бүрэлдэхүүн болон сургалтад хамрагдсан инженерүүд Баян-Өлгий аймгийн “Жол” ХХК-ийн үйлдвэрлэлийн баазтай газар дээр нь танилцаж санал бодлоо солилцлоо.

default
Scroll to Top