Монголын авто замчдын холбоо нь “ЗТХТ” ТӨҮГ-ын захиалгаар 2023 оны 03 дугаар сараас эхлэн “Авто зам, замын байгууламж, гүүр барих нормативт хугацаа, авто зам, гүүрийн барилга, засварын ажлын үе шатны ажлуудад ноогдох ИТА-ны цагийн томсгосон норм”, “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг, “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын машин механизм, тоног төхөөрөмжийн нэг машин цагийн үнэ”, “Модон гүүрийн барилгын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг норм”, “Ган гүүрийн барилгын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг норм”-ыг шинэчлэн боловсруулж байна.
Дээрх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
1. “Авто зам, замын байгууламж, гүүр барих нормативт хугацаа, авто зам, гүүрийн барилга засварын ажлын үе шатны ажлуудад ноогдох ИТА-ны цагийн томсгосон норм”, “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг, “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын машин механизм, тоног төхөөрөмжийн нэг машин цагийн үнэ”-ийг шинэчлэн боловсруулах ажлын эхлэлийн тайлан, дунд шатны ажлын тайланг захиалагчид хүргүүлж, салбарын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, ИТА-уудыг хамруулсан анхны хэлэлцүүлгээ нээлттэй зарлаж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр МАЗХ-ны сургалтын танхимд зохион байгуулж, 18 байгууллагын 30 гаруй хүмүүс оролцлоо.
2. “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын машин механизм, тоног төхөөрөмжийн нэг машин цагийн үнэ”-ийг шинэчлэн боловсруулах ажлын явцад барилгын салбарын машин механизмын жишиг үнэлгээг шинэчлэх ажлын хэсэгтэй санал солилцох, авто замын салбар, барилгын салбарт хэрэглэгдэх машин цагийн жишиг үнэ, тарифын уялдаа холбоог хангах талаар редакцын ажлын хэсгээс ирүүлсэн санал, зөвлөмжийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан уулзалт, хурлыг зохион байгууллаа. Уулзалтад ЗТХЯ, ЗТХТ, МАЗХ, Барилгын хөгжлийн төв, машин цагийн жишиг үнэ, тарифыг боловсруулж буй 2 талын төсвийн багийн төлөөллүүд оролцон санал бодлоо солилцлоо. Уулзалтын үр дүнд авто зам, барилгын салбар нэгдсэн санал дүгнэлтэд хүрч цаашид 2 талын ажлын хэсэг хамтран ажиллах, эцсийн байдлаар боловсруулсан жишиг үнэ, тарифын асуудлаар дахин уулзалт, хурлыг зохион байгуулахаар боллоо.
3. “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг, “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын машин механизм, тоног төхөөрөмжийн нэг машин цагийн үнэ” шинэчлэн боловсруулах ажлын дунд шатны тайланд редакц, шүүмж хийсэн ажлын хэсгийн санал, зөвлөмжийн дагуу тарифт цалин, машин цагийн нэгж үнийн тооцоонд голлон нөлөөлөх зардлуудыг захиалагчтай зөвшилцөх зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗТХЯ, “ЗТХТ” ТӨҮГ-тай хамтарсан хурал, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ЗТХЯ, ЗТХТ, МАЗХ-ын төлөөллүүд оролцлоо.
Удахгүй дараагийн хэлэлцүүлгийн товыг зарлаж, МАЗХ-ны сайт болон пэйж хуудсаар дамжуулан санал авах материалыг нийтлэх болно.