Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх “Өглөөний уулзалт”-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, авто замын чанар, насжилтын талаар, мөн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын тухай ярилцлаа. Уулзалтад ЗТХЯ, ЗТХТ, НАЗХГ, Монголын авто замчдын холбооны гишүүн авто замын барилгын, засвар арчлалтын, Зураг төслийн зөвлөх байгууллагууд санал бодлоо илэрхийлж идэвхтэй оролцлоо.
Уулзалтаар:
- Авто зам, гүүрийн барилга, арчлалт засварын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрөөс чөлөөлөх, Нийслэл хотын зам барилга, арчлалт засварын ажилд ашиглах далангийн материалын нэгдсэн карьертай болгох
- Олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, арчлалт засварын ажилд шаардлагатай нормативт хөрөнгийн эх үүсвэр, авто зам, гүүрийн насжилттай холбоотойгоор их засвар, шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бий болгох
- Авто замын салбарын Агентлаг байгуулах, төрийн захиргааны төв байгууллагыг аж ахуйн ажлаас чөлөөлж, бодлогын яам болгох тал дээр анхаарч ажиллах, 30 аад жил орхигдсон шинжлэх ухаанд суурилсан авто замын салбарын эрдэм шинжилгээ судалгааны байгууллагыг ажиллуулах
- Авто замын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавьж, авто замын сан, арчлалт засварын хөрөнгийг улс төрөөс ангид байлгах
- Төр хувийн хэвшлийн түншлэлээр /BOT-барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ/ авто замын төслүүдийг дэмжиж ажиллах
тухай санал бодлоо солилцож, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон бусад албаны хүмүүст даалгав.