ДААТГАГЧ НАР ТЕНДЕРИЙН БАТАЛГАА ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМТРАН ОРОЛЦОНО
Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр даатгалын компаниуд холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгалын компанийн гаргасан баталгааг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос “Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Тодруулбал журмаар даатгалын компани баталгаа гаргах тохиолдолд санхүү, төлбөрийн чадвар болоод удирдлага, зохион байгуулалтын хувьд ямар шаардлага тавигдах, хэдий хэмжээний баталгааг гаргаж болох, үүсэж болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх зэрэг харилцааг зохицуулж байна.
Хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж, түүний хэрэгжилтийг хангахад шаардлагатай зохицуулалтын журам батлагдсанаар даатгалын компаниудын баталгаа гаргах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Иймд Хорооноос даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх “Даатгагчийн баталгаа” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17-нд зохион байгуулсан юм.
Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголын даатгалын холбоо, “Үндэсний давхар даатгал” ХК болон даатгалын компаниудын төлөөлөл оролцож, даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцэж, санал солилцов.
Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаа нь даатгалын салбарт нэвтэрч буй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ юм.
Уг бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэх, даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаанд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох, хамтын удирдлагын бүтцийг бий болгох, хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх чиглэлээр даатгалын компаниуд хамтран ажиллаж, даатгагчийн гаргах баталгааны үйл ажиллагааны журам, баталгааны гэрээний төсөл зэргийг боловсруулсан бол “Үндэсний давхар даатгал” ХК нь даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд андеррайтингийн туслалцаа үзүүлэх, даатгагчийн баталгааны эрсдэлийн тодорхой хэсгийг өөрийн хөрөнгөөр хариуцах, олон улсын давхар даатгалд шилжүүлэх чиглэлээр ажиллаж, холбогдох бэлтгэл ажлуудыг бүрэн хангаад байна.
Манай улсын хувьд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд аливаа тендерт оролцохдоо банканд бэлэн мөнгө байршуулах, эсвэл зээл авах хэлбэрээр банкны баталгаа гаргуулдаг байсан нь банкны баталгаанд хөрөнгөө түгжих, санхүүгийн боломжгүй бол тендерт оролцох ч боломжгүй болох зэрэг хүндрэлийг учруулдаг байсан.
Харин даатгалын компаниуд баталгаа гаргаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тендерийн үйл ажиллагаандаа даатгагчийн баталгааг ашиглах болсноор иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй дээрх хүндрэлийг эдийн засгийн хувьд зардал багатайгаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар даатгалын компаниуд 50 орчим тэрбум төгрөгийн баталгааг гаргах боломжтой байна.
Даатгагчийн баталгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7766-8001 тоот утсаар болон info@mia.mn цахим хаягаар авч болно.
Эх сурвалж: