Эрхэм хүндэт авто замчид, зам хэрэглэгчдээ,Та бүхэндээ XVII жарны “”Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол орноо замжуулах үйл хэргийн төлөө бие сэтгэл оюунаа зориулж ирсэн ахмад буурлууд, нийт замчиддаа болон та бүхний гэр бүл, зам хэрэглэгч та бүхэндээ Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг айлтгая.Цагаан сарын бэлэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, ураг төрлөөрөө учран золгодог эртний сайхан уламжлалтай билээ.Угтан золгож буй бар жилдээ улс орны дэд бүтцийн чухал хэсэг болох авто замын салбарыг хөгжүүлж, ард иргэддээ ая тухтай, сайхан замаар саадгүй үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа нийт замчид та бүхэндээ ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээл арвин байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА