Мэдээ, мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ХҮНДЭТ АВТО ЗАМЧИД, ЗАМ ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Монгол Улсын авто замын сүлжээний хөгжил, дэвшлийг олон улсын түвшинд хүргэхээр гар бие оролцон ажиллаж, оюун ухаан, бүтээн босгох эрдэм мэдлэгээ зориулж  байгаа үе үеийн замчид, ахмад буурлууд, салбарын нийт ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд болон  нийт зам хэрэглэгчиддээ ирж буй  шинэ оны гал халуун баярын мэндийг дэвшүүлж,  ирж буй 2022 ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна.

Авто замчид Та бүхэн ахмад үеийнхээ баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн баяжуулж, чанар, аюулгүй байдал, стандарт, шаардлагад нийцсэн, орчин цагийн хийц загвар бүхий зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж гүйцэтгэх ажлыг шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй уялдуулж бүтээн байгуулалтыг манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.

Монгол орны цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан зам барилгын ажил харьцангуй цөөн сар үргэлжилдэг хэдий ч Та бүхэн маань асар их бүтээн байгуулалтыг цаг, нартай уралдан гүйцэтгэж, шинэ зам, гүүрийг барьж бүтээж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орны дэд бүтцийн чухал хэсэг болох авто замын салбарыг хөгжүүлж, авто зам, гүүр барьж, засаж, арчилдаг буянтай үйлстээ амжилт бүтээл гарган, ард иргэдээ ая тухтай, сайхан замаар саадгүй үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж  байгаа та бүхэнд Монголын Авто Замчдын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, та бүхнийг алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж ажил үйлс нь өөдрөг байх болтугай гэж ерөөе.

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА

2021.12.30

Scroll to Top