Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас хэрэгжүүлж буй “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл” нь 2019 оны 4-р сараас хэрэгжиж байна. Тус төсөлд Зам, тээврийн хөгжлийн төв (ЗТХТ), Нийслэлийн авто замын хөгжлийн газар (НАЗХГ) болон Монголын авто замчдын холбоо (МАЗХ), ШУТИС мөн хамтран ажилладаг.
Үр дүн 1: Асфальтбетон хучилтын холбоотой стандарт батлууллаа.
Авто замын хучилтын хийц, хольц төсөллөх стандарт боловсруулах, боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Ажлын хэсэг 1-ээс боловсруулсан “Байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон асфалтбетон хучилт төсөллөх. Ерөнхий шаардлага MNS 6895: 2021” болон “Дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын арга MNS 6894: 2021” стандарт Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 3-р сарын 11-ний өдрийн С/10 тоот тушаалаар батлагдсан. Цаашид цементбетон хучилтын зураг төсөл, барилгын ажлын зөвлөмж боловсруулна.
Үр дүн 2: Зам, тээврийн хөгжлийн төвд туршилтын тоног төхөөрөмж нийлүүлж, холбогдох сургалтуудыг хэрэгжүүлж байна.
ЗТХТ-ийн материалын шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх хүрээнд ЗТХТ-ийн Зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторид дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын багаж, даралтаар насжуулах зуух, битумын хугарлын хэмийг Фраассын аргаар тодорхойлох автомат төхөөрөмж, Маршаллын автомат электрон пресс зэрэг нийт 30 нэр төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлж, холбогдох сургалтуудыг явууллаа.
Цаашид сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулж, туршилтын гарын авлага боловсруулах, материалын шинжилгээний үр дүнг судалгааны өгүүллэг болгон нэгтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
Үр дүн 3: Загвар төслийг хэрэгжүүлэв.
Загвар төсөл нь Монгол орны авто замын хучилтад нийтлэг тохиолддог хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлд чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг бодитоор туршиж, үнэлэх зорилготой ба төслийн үр дүн 1, 2-ын үйл ажиллагаатай нягт уялдаатай.
Төв аймгийн Баян сум, Налайх-Чойрын замын 101 дэх км-т нийт 850 м (хөндлөн хагарал: 550 м, дугуйн мөрний ховил: 300 м) авто замд загвар төслийг хэрэгжүүлсэн. Урьдчилсан судалгаа, хэмжилтийг гүйцэтгэн, одоогийн өнгө хучилтыг хуулж бэлдсэн. Хучилтын ажлыг 2021 оны 9-р сарын 22-26-ны өдрүүдэд гүйцэтгэсэн ба орц найрлагаараа ялгаатай хэд хэдэн төрлийн асфальтбетон хольцыг дэвсэж, хөндлөн хагарлын эвдрэлд чиглэсэн хучилтын нэг хэсэгт битумээр бэхжүүлсэн үеийг хийж, үлдсэн хэсэгт 30 м ба 50 м-ын алгасалтай заадас хийж гүйцэтгэсэн.
Цаашид уг замаас авсан сорьцод лабораторийн туршилт хийхээс гадна замын нөхцөл байдлын үзлэг, хэмжилт хийх зэргээр үр дүнгийн хяналт-шинжилгээг Зам, тээврийн хөгжлийн төв, “Налайх АЗЗА” ТӨХК-тэй хамтран хэрэгжүүлнэ. Мөн 2022 онд нийслэлийн авто замд загвар төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.