Мэдээ, мэдээлэл

ХӨШИГИЙН ХӨНДИЙ ХҮРТЭЛХ 32 КМ ХУРДНЫ ЗАМ ДАГУУ МОД ТАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилга, Зам тээврийн хөгжлийн яамнаас эх дэлхийгээ хайрлан хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, Монгол Улсын иргэний эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангахын төлөө, ирээдүй, үр хойчийнхоо төлөө мод тарих буянтай үйлсэд гар бие оролцохыг уриалсан уриалгыг дэмжин, манай холбоо  Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой, Авто замчдын баярын өдрөө угтаж  Хөшгийн хөндий хүртэлх 32 км анхны хурдны зам дагуу мод тарих  ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасан.

Энэхүү санаачлагын хүрээнд Хөшгийн хөндий хүртэлх 32 км хурдны зам дагуу мод тарих ажлыг 2021 оны 10 дугаар сарын 9-ны өдөр 11 цагт эхлүүлэж , авто замын салбарын 30 аж ахуйн нэгж байгууллага оролцож Хан Уул дүүргийн 14 хороо, Өлзийт хороо, Хөшгийн хөндийн хурдны зам дагуу  нарс мод тарилаа.

Мод тарих арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Х.Пүрэвжаргал нар үг хэллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зам, тээврийн салбарын нийт албан хаагч, ажилчдадаа баярлалаа. Мод тарихаас илүү арчлах нь хамгийн чухал асуудал. Тийм учраас тариад орхилгүй цаашид арчилж, тордох ажлыг ч зохион байгуулна.  Хурдны зам дагуу ногоон төгөл байгуулахыг зорьж байна” гэж хэллээ.  

Бид Баянчандмань дахь “Агроник” ХХК-ийн мод үржүүлэгийн газрын үрээр тарьж ургуулсан 6-9 настай нарс модыг  сонгон тарьсан бөгөөд мод тарихад “Агроник”ХХК-ийн  цэцэрлэгч н. Эрдэнэ-Буян модыг  хэрхэн суулгах, услах, бэхэлгээ хийх, хэрхэн арчлах талаар зааварчилгаа өгч ажилласан.

Бидний санаачлагыг дэмжин мод тарих буянтай үйлсэд нэгдэн оролцсон авто замын салбарын аж ахуйн нэгж  байгууллагууд,  ЗТХЯ-ны нийт ажилтан албан хаагчид та бүхэнд баярлалаа.

Мөн бидний тарьж байгаа нарс модыг үрслүүлэн тарьж нийлүүлж хамтран ажилласан Баянчандмань дахь “Агроник” ХХК-ийн хамт олонд болон агрономич Энхтуяа, цэцэрлэгч Эрдэнэ-Буян нартаа талархал илэрхийлье.

Манай холбооноос мод тарих бэлтгэл ажлыг хүрээнд модны нүх ухах, бэхэлгээний материал гадас, эко олс, тааран шуудай зэргийг бэлтгэх, тарих мод бэлтгэх  зэрэг ажлуудыг урьдчилан  хийж  бэлтгэл ажлыг хангасан. 

Бид тус хурдны зам дагуу  20 гаруй мянган мод тариалахаар төлөвлөж , жил бүрийн 5 ,  10 сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”  уламжлал болгон зохион байгуулах болно.

Зөв сайхан үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.

Scroll to Top