Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/267 дугаар ”Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар “Дээд боловсролын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс”-т Авто замын барилгын инженер 073203 индекс, Гүүрийн барилгын инженер 073204 индексийг нэмэлтээр оруулж батлагдлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс” -т авто зам, гүүрийн инженерийн мэргэжил нь мэргэжлийн чиглэл индексэд оруулаагүй баталсан.
Дээрх тушаал батлагдсанаас хойш манай холбоо авто зам, гүүрийн инженерийн мэргэжлийг “Дээд боловсролын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс”-т индексийг оруулах үндэслэл, шаардлагын талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яаманд танилцуулж хүсэлт хүргүүлэн ажилласан.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 оны 2/1461 дүгээр албан бичгээр “…Юнескогийн мэргэжлийн чиглэлийн ангилалд барилга ба иргэний барилга /building and civil engineering/ 0732 нарийвчилсан чиглэлийн хүрээнд мэргэжлийн чиглэл, индекс олгодог, Монгол Улсын дээд боловсролын салбарт хэрэглэгдэж буй мэргэжлийн чиглэл /индекс/-ийг тус ангилалд тогтоосны дагуу мөрддөг…” гэсэн хариуг манайд ирүүлсэн.
Монголын авто замчдын холбооноос Юнескогийн боловсролын ангиллын талаарх баримт бичгийг судалж үзээд дээр дурдсан боловсролын ангиллын олон улсын стандарт, хууль, эрх зүйн зохицуулалтад үндэслэн Монгол Улсын авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, асуудал, эрсдэлийг бууруулах шаардлагаар авто замын болон гүүрийн барилгын инженерийг мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индексэд нэмж тусгах саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад уламжлан, шийдвэрлүүлэх хүсэлтээ дахин хүргүүлсэн.
Мөн 2021 онд Монголын авто замчдын холбооноос Зам, тээврийн хөгжлийн сайдад тавьсан асуудлыг судалж шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн удирдамжид дээрх асуудлыг оруулан ажилласан.
Авто замын мэргэжлийн индексийг батлуулахад хамтран ажилласан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хууль зүйн “Ивээл” фирм, дэмжин ажилласан хүмүүстээ талархал илэрхийлье.