Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк (АХБ) хооронд эдийн засгийн тэргүүлэх гурван салбар – хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) тогтолцоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төсөл 2016-2021 оны хугацаанд хэрэгжиж байна.
Азийн Хөгжлийн Банк (АХБ) зээл “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд зам, тээврийн салбарт Налайх дахь Политехникийн коллеж, Дархан Өргөө Политехникийн коллежийг түшиглэн авто замын салбарын “Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв”-ийг байгуулаад байна.
Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төвийн төв нь төслийн хөрөнгө оруулалтаар мэргэжлийн дадлагын газрын өргөтгөлийн барилга, сургалтын багаж, тоног төхөөрөмж, асфальтбетон, бетон, хөрсний иж бүрэн лабораторийн багаж тоног төхөөрөмж, машин механизмын семулятор, механизмуудаар хангагдсан авто зам салбарын хэмжээнд мэргэжил, ур чадвартай ажилтан бэлтгэх, мөн чадамжид суурилсан сургалт явуулж, үнэлгээ хийж, гэрчилгээ олгох иж бүрэн сургалт, дадлагын бааз юм.
Мөн энэхүү төслийн хүрээнд замчин, авто зам барилгын материалын лаборант, замын машин механизмын операторын сургалтын “DAKUM” аргачлал, чадамжийн зураглал, ажил мэргэжлийн лавлах, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, стандартуудыг боловсруулж дуусаад байгаа.
Авто зам, гүүрийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг салбартаа үр ашигтайгаар ашиглан Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийг зам барилга, засвар арчлалтын ажилд оролцуулж ажлын байр бий болгон ажилтай, орлоготой болгох, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэргэжилтэй ажилтнаар хангах, авто замын барилга, засвар арчлалтын байгууллагуудын мэргэжилтэй ажилтнуудыг орон нутгаас бэлтгэх боломж бүрдэж байна.
“Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв”-үүдэд авто зам, гүүрийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургахад авто замын салбарын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бий болгож үйлдвэрлэлийн дадлагыг хамтран хийх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах шаардлагатай байгаа юм.
Мөн авто замын салбарт мэргэжилтэй ажилчид бэлтгэх, давтан сургах талаар дээрх коллежүүд болон, салбарын компани, аж ахуйн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог хангаж зохион байгуулж байх үүргийг “Монголын авто замчдын холбоо” ТББ-д хариуцуулах нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад чухал үр нөлөө болох юм.