Мэдээ, мэдээлэл

Ё.Энхтуяа: Татварын шинэчилсэн хууль батлагдвал одоо хүлээгдэж буй ногдол ашиг дахин хорь гучин жилээр хойшилно

-ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖСЭН НЭРТЭЙ БОЛОВЧ ГАДНЫ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ДЭМЖСЭН-

Олон улсын татвар судлаач, эдийн засагч Ё.Энхтуяатай удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй татварын хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа татварын хуулийн шинэчлэлийг олон улсын татвар талаас нь хэрхэн харж байна вэ?

-Дэлхийн улс орнуудын эдийн засаг бизнесийн харилцаа холбоо нэгдмэл болохын хирээр томоохон гүрнүүдийн үүрэг оролцоо, нөлөөлөл улам бүр өсч үүнийг даган үндэстэн дамнасан корпорациуд татварын эрх зүйн ялгаатай орчнууд болон бусад улс хоорондын давхар татварын гэрээний таатай нөхцөлүүдийг урвуулан ашиглах замаар татвараас зайлсхийх, татвар зувчуулан үндэслэлгүйгээр ашиг олох арга замууд нь өргөжин энэ нь олон улсыг хамарсан шинж чанартай болж ирсэн. ҮДК-уудын ийм ёс зүйгүй үйлдлүүд нь улс орнууд тэр дундаа ялангуяа хөгжиж байгаа орнуудын эдийн засагт ихээхэн хохиролтой байгааг олон улсад шүүмжилж эхэлсэн бөгөөд үүнээс гарах гарц шийдлийг олох нь Засгийн газрууд болон олон улсын татварын хамтын ажиллагааны байгууллагуудын тулгамдсан асуудлуудын нэг болсон. Түүнчлэн ҮДК-уудын үйлдлийн эсрэг улс орнууд дан дангаараа тэмцээд хангалттай үр дүнд хүрэхгүй тул ЭЗХАХБ, Их20, Европын холбоо хамтран Даяарчилсан чуулган /Глобал форум/-ыг удирдан зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнд Монгол улс 2018 оны 1 сарын 18-ны өдөр гишүүнээр элсэн орсон. Чуулганы I үе шат 2016-2020 онд хэрэгжинэ. Үүгээр Монгол улс татварын орчноо ил тод тунгалаг байлгах, тайлагналын нийтлэг стандартуудыг мөрдөх, олон улстай татварын мэдээлэл автоматаар харилцан солилцох юуны өмнө дотоодын татварын эрх зүйн орчноо сайжруулахаар олон улсад үүрэг хүлээсэн. Тиймээс энэ удаагийн татварын шинэчлэлээр ЭЗХАХБ-аас гаргасан Ашгийг гадагш шилжүүлж, татварын суурийг гажуудуулах явдал /BEPS/-ын эсрэг хэрэгжүүлэх 15 алхамт хөтөлбөрийн хүрээнд татварын орлого алдаж байгаа нүх суваг, хуулийн цоорхойнуудаа засаж залруулан олон улсын татварын эрх зүйн орчноо сайжруулахад төвлөрөх ёстой байсан. Гэтэл одоогийн татварын шинэчлэл үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг дэмжсэн нэртэй, үнэн хэрэгтээ олон улсад хүлээсэн үүрэг амлалтынхаа эсрэгээр, Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийж, төсөвт орох ёстой татварын орлогоос гадагш зувчуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудыг татварын байж болох бүх л арга хэрэгслээр дэмжсэн байна.

-Жишээ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийг дордуулсан ямар асуудлууд байна вэ?

-ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн төсөлд Монгол улсын татварын эрх ашиг, тэр дундаа олон улсын татварын асуудлыг дордуулах дараах асуудлууд орсон.

Нэгдүгээрт: Олон улсын татварын суурь зарчим болон дүрэм журмуудтай холбоотой хэд хэдэн асуудлыг хуульд дордуулсан. Үүний улмаас Монгол улсын бусад улстай байгуулсан давхар татварын гэрээ /ДТГ/-ний хэд хэдэн заалт зөрчигдөн Монгол улсын олон улсын татвар ногдуулалтад сөргөөр нөлөөлж гадаадын компаниудын Монгол улсаас эх үүсвэртэй орлогоос татвар авах асуудалд хүндрэл үүснэ.

Хоёрдугаарт: Одоогийн хуулиар Монгол улсад оршин суугч бус этгээдүүдийн орлогоос суутгаж байгаа 20%-ийн суутган татварыг 2-4 дахин бууруулж ихэнх орлогыг нь 5%-ийн татвартай болгосон.

Гуравдугаарт: Том аж ахуйн нэгжүүдийн 25%-ийн татвар төлөх орлогын босгыг 2 дахин чөлөөлж 3 тэрбумийг 6 болгосон. Үүгээр 3 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой ААН-ийн татвар хамгийн багадаа жилд 750 сая төгрөгөөр буурна.

Дөрөвдүгээрт: Татварыг бууруулж лицензийн бизнесийг дэмжсэн. Одоогийн хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30%-ийн татвар ногдуулдаг. Гэтэл хуулийн шинэчлэлээр уг татварыг өртөг зардлыг хассаны дараах дүнгээс 10%-аар авах болгон бууруулсан. Үйл ажиллагаа явуулаагүй чагтан тайлантай компаниудаас улирал бүр тогтмол татвар авна.

Зургаадугаарт: Татварын хялбаршуулсан горимоор 50 саяас төгрөгнөөс доош борлуулалттай компани жилд нэг удаа татварын тайлан гаргах бол 90%-ийн хөнгөлөх гэх мэт энэ хуульд заасан бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлэхгүй гэж заасан нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйг заасан Үндсэн хуулийг зөрчсөн. Мөн гадаад улсад төлсөн татварыг хасч тооцохгүй гэснээр татварыг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг тунхагласан олон улсын ДТГ-ний эрхийг зөрчсөн.

Долдугаарт: ЖДААН-ийн татварыг 90%-аар хөнгөлөхдөө эхлээд татварын шалгалтанд хамруулж дараа нь Сангийн яамны шаардлагыг давбал буцааж олгох гэх мэтээр төрийн байгууллагын дарамт чирэгдлийг нэмэгдүүлсэн.

Наймдугаарт: Төлөөний газар, эх үүсвэртэй орлого, жинхэнэ эзэмшигч зэрэг олон улсын татварын суурь ойлголтуудыг хуульд буруу тодорхойлж ДТГ-ний хэрэгжих нөхцөлүүдийг дордуулсан.

Есдүгээрт: Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрмийг зөрчих хэд хэдэн заалт оруулснаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын татварын ашгийг зувчуулах, зардал хэтрүүлэх боломжийг өсгөсөн гэх мэтээр одоогийн ААНОАТ-ын тухай хуулийг ихээхэн дордуулсан.

-МОНГОЛ УЛСАД ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС Ч ДУТАХААРГҮЙ СӨРӨГ
ҮР ДАГАВРУУД АВЧИРНА-

-Ийм олон асуудлаар одоогийн хуулийг дордуулна гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй хийгдсэн гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Яагаад гэхлээр дээрх байдлуудаас харахад энэ хууль уул уурхайн салбарт бизнес эрхэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудын татварыг их хэмжээгээр бууруулах, Монгол Улсад хуулийнх нь хүрээнд бага татвар төлөх, татвараас зайлсхийх, татвар зувчуулах боломжийг ихэсгэхэд чиглэсэн. Түүнчлэн манай уул уурхайн хамгийн том төслүүд “Бороо гоулд” компанийн нэгэн адил жил бүр их хэмжээний алдагдал тайлагнан Монгол улсад бизнесийн ашгийн татвар огт төлдөггүй асуудал хөндөгдөхгүйгээр татварын шинэчлэл хийгдэх гэж байна.

-Сангийн яамны зүгээс татварын хувь хэмжээ буурах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлаж байсан. Таны бодлыг сонсмоор байна?

-Сүүлийн хоёр жил төсвийн татварын орлого өсөлттэй байгаа нь НӨАТ-ын урамшууллын систем болон уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн өсөлттэй холбоотой. Гэтэл эдгээрийн цаана ААНОАТ, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудаас олон улсын татвараа авч чадахгүй байгаа асуудал 2013 оноос хойш дарагдсаар байгаа.

-Гадаадын компаниудаас авдаг суутган татварын талаар нэмж тодруулахгүй юу?

-Улс орнууд дотоодын татварын бааз суурийг хамгаалахын тулд гадаадын компаниудын орлогоос суутган тооцох татварыг дотоодынхоос өндөр хувь хэмжээгээр тогтоодог. Одоогийн хуулиар тусгайлсан хувь хэмжээтэй ихэнх орлого дотоодын компаниудад 10%-ийн татвартай байхад гадны компаниудынх 20% байдаг нь ийм учиртай. Гэтэл эдгээр татварууд 5% болж хамрах орлогын төрлүүд нь ихээхэн нэмэгдсэн. Үүгээр олон улсын татварын орлого буурахаас гадна өөр сөрөг үр дагаврууд их үүснэ. Тухайлбал Монгол Улсын бусад улстай байгуулсан ДТГ-ээр тогтоосон суутган татварын хувь хэмжээний хязгаарлалт утгаа алдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хуулийн шинэчлэл нэрээр ДТГ-ний дагуу авч байгаа орлогоо хүртэл бууруулах гэж байна. Уг нь татварын хууль тогтоомж тогтвортой мөрдөгддөг байх нь өөрөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах үндсэн нөхцөл болдог. 5%-тай татварыг тухайд одоогийн хуулиар Засгийн газрын бондоор хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс холбогдох орлогууд нь хамгийн бага 5%-ийн татвартай байгаа. Гэтэл шинэ хуулиар зөвхөн Хүүгийн орлого, Ногдол ашиг 5%-ийн татвартай болох мэт харагдах ч өөр заалтад 11 нэр төрлийн орлогыг Хүүгийн орлого гэж үзэхийг заасан. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдын Монголоос авах хүү, ногдол ашиг, өрийн санхүүжилтын хэрэглэлүүдээс олж болох бүхий л төрлийн орлого 5%-ийн татвартай болно. Ганц жишээ дурдвал Дубайн төлөвлөгөөний 5.5-д заасан нөхцөлөөр “Рио Тинто” компанийн Монгол улсаас авах Баталгааны шимтгэл болон Зээлийн хүүгийн орлогоос одоогийн хуулиар 20%-ийн татвар суутгах ёстой бол шинэ хуулиар 5% авдаг болно. Мөн удирдлага менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татвар 2 дахин буурна, дээр нь зардлыг хасна гэх мэтээр энэ компаниас авах татвар хэр их буурах нь тодорхой байна. Түүнээс гадна Рио Тинто компанид шилжих бүх төлбөр Монголын талын татвар бууруулах зардал болно. Гэх мэтчилэн төслийн зардал өссөнөөр хуримлагдсан алдагдал өсч Монголын талын хүлээгдэж байгаа ногдол ашиг дахин хорь гучин жилээр хойшилно. Үүнээс харахад энэ хууль батлагдвал Монгол Улсад Дубайн төлөвлөгөөнөөс ч дутахааргүй сөрөг үр дагаврууд авчирна. Гэхдээ энэ бол ганцхан компанийн жишээ юм.

Эх сурвалж: www.medee.mn

Scroll to Top