2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагаа жигдэрч эхэлж байна. Зам, тээврийн хөгжлийн чиглэлээр ажиллах сайдууд томилогдож бодлого, зорилгоо тодорхойлон 2020-2024 онд хэрэгжүүлэх Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.
Яг энэ үеэр 2020 оны 7 сарын 31-ны өдөр МАЗХ-ны Удирдах зөвлөлийн төлөөлөл Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Авто замын тухай хуулийн хэрэгжилт, Авто замын салбарт нэн яаралтай шйдвэрлэх асуудлыг бичгээр өгч, МАЗХ-той хамтран ажиллах санамж бичгийн төслөө гардууллаа. Уулзалтуудад АЗБХЗГ-ын дарга Д.Загдраднаа оролцлоо.
Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Л.Халтар МАЗХ-ны төлөөллийг элэгсэг дотно, ажил хэрэгчээр хүлээн авч уулзаад цаашид нэгэнт тогтсон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, үр дүнтэй уулзалт тасралтгүй хийж байхыг санал болгоод дараах чиглэл өглөө. Үүнд:
1. Авто замын салбарт Монголын үндэсний компаниудыг тууштай дэмжинэ, гадаадын компаниудтай түншлэлээр үр дүнтэй ажиллах чиглэл баримтлана, ингэхийн тулд Монголын үндэсний компаниуд нэгдэн томорч, хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх шаардлагатай.
2. Авто замын олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжээд дуусч байна. Аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдчихлоо. Харин одоо аймгийн төвүүдийг сумдтай хөнгөн маягийн замаар холбох “Нутгийн зам” хөтөлбөр эхлүүлэхээр ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж байна. Одоо байгаа замуудаа сайжруулна, үйлчилгээний түвшинг дээшлүүлнэ, ялангуяа замын дэргэдэх ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулна. Энэ талаар хийж байгаа хөтөлбөр, төсөл байвал танилцуулаарай.
3. Олон улсад мөрдөгддөг ФИДИК-ийн гэрээг үг үсэггүй яг хатуу мөрдөнө гэсэн буруу ойлголт манай хүмүүст байна, үүнийг Тусгай нөхцлөөр зохицуулж болно, энэ талаар хамтран ажиллах нь зүйтэй.
4. Авто замын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа, ер нь бүртгэл мэдээллийн нэгдсэн санг МАЗХ-оор гүйцэтгүүлэх талаар судлан үзэж саналаа танилцуулахыг АЗБХЗГ-ын дарга Д.Загдраднаад үүрэг болголоо.
5. Сайд орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдтэй байдаг. Энэ нь зөвхөн сайдад л зөвлөх үүрэгтэй хүмүүс. Энэ удаад салбар салбарын мэргэжлийн ажлын туршлагатай хүмүүс, залуучуудыг оруулсан бодлогын зөвлөлтэй ажиллана. Бодлогын зөвлөлөөс гаргасан асуудлыг АЗБХЗГ-т оруулан нарийн нягтлаад, саналаа нэгтгэн шийдвэр гаргах чиглэлээр ажиллана.
6. Батлан хамгаалах байгууллагатай хамтран Монголын авто замчид, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцон ажлын дийлэнхийг хийж байна. Цаашид ч хамтран ажиллах хэрэгтэй. Харин өөрсдийнхөө ажлыг сайтар сурталчлах нь чухал.
7. Олон улсын болон улсын чанартай, тусгай зориулалтын замын дагууд зам хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн зам дагуу үйлчилгээний газруудыг бий болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Уулзалтын төгсгөлд, ЗТХ-ийн сайдаар томилогдсонд баяр хүргээд, дурсгалын зүйл гардуулахад Л.Халтар сайд, хүлээн авч баярласнаа илэрхийлээд дурсгалын зүйлийг Дарханы замыг ашиглалтад оруулахад амжилт гаргасан нэг замчинд хүртээхээр тохирлоо.
Монголын Авто замчдын холбоо
2020 оны 7-р сарын 31
