Мэдээ, мэдээлэл

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй уулзлаа.

2020 оны 7 сарын 31-ны өдөр Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, МАЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Адилбиш, С.Ганхуяг нар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд дэд сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Монголын авто замын салбарт олон жил хамтран ажиллаж байсан учраас би энэ салбарыг тодорхой хэмжээгээр мэднэ. Авто замд шийдвэрлэвэл зохих олон асуудал байгааг онцлоод дараах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй, харин эдгээр ярьсан зүйлээ би ажил хэрэг болгох талаар нэхэл хатуутай байх болно гэдгээ илэрхийллээ.
1. Авто замын салбарын нэр хүнд сүүлийн жилүүдэд ихээхэн унаж байгаа. Үүнд авто замын салбарынхан өөрсдөө буруутай. Ёс зүйн хэм хэмжээ байхгүй болсон. Тийм учраас та бүхэн Авто замын салбарт ажиллагсдын ёс зүйн хороотой болох. Салбарын нэр хүнд, байгууллагын нэр хүндийг унагаж буй аливаа хэл аманд орооцолддог, ёс зүйгүй авирладаг, салбарын нэр хүндийг унагахад нөлөөлдөг этгээдүүдээ авч хэлэлцээд арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Төрийн албанд орох хүмүүсийн талаар ч гэсэн дүгнэлт гаргаад төрийн байгууллагуудад хүргүүлдэг байх нь зүйтэй.
2. Тусгай зөвшөөрөл МАЗХ-нд хянагдаж, шийдвэр энд гарч байгаа. Хууль хяналтынхан байнга шалгаж байгаа нь Авто замын салбарынханд итгэхгүй болсны нэг илрэл. Тийм учраас энэ ажлаа шударгаар сайн хийх хэрэгтэй. Би, ажил хийе гээд ирж байгаа тодорхой шалгуур хангасан бүх хүмүүст тусгай зөвшөөрлийг өгөх нь зүйтэй гэж үздэг. Харин тусгай зөвшөөрөл авчихаад өөр зориулалтаар ашигладаг, үйл ажиллагаа явуулдаггүй, удаа дараа чанаргүй зүйл хийсэн компаниудын тусгай зөвшөөрлийг хураан авдаг байх нь зүйтэй.
3. Төрийн албыг ил тод байлгах, ЗТХЯ-нд хэрэгжиж байгаа аливаа үйл ажиллагааг ил тод болгох, цахимжуулах, мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр нилээд зүйл хийхээр ажиллаж байна. Энэ талаар хамтарч ажиллахыг санал болгож байна.
4. 2016-2017 онд Олон улс, улсын чанартай замын тооллого бүртгэл хийгдэж, Бүртгэл мэдээллийн сангийн үндсэн өгөгдөл, бааз суурь бий болсон. Одоо энэ үйл ажиллагаа хаана байгаа, хэрхэн баяжигдаж байгаа талаар ойлгомжгүй байна. Үүнд бид анхаарах болно, хамтран ажиллахад ч болно.
5. Би анхандаа төрийн өмчит АЗЗА компаниуд байж төрийн үйлчилгээ, дуулгавартай гүйцэтгэж байх нь зүйтэй гэж боддог байсан. Одоо бодол өөрчлөгдсөн, хүчин чадал маш муу, менежментгүй, бас нэг шахааны обьект болсон АЗЗА төрийн өмчит компаниудыг хувьчлах нь зүйтэй гэж үздэг болсон. Хувьчлахдаа Авто замын салбарын үндэсний компаниудын дунд өрсөлдөөнтэйгээр хувьчлах нь зүйтэй. Тэгж байж үндсэн чиг үүргээ хадгална.
Мөн авто замын салбарын бодлогыг шинэчлэн тодорхойлох шаардлага бий болсон байна.

Монголын Авто замчдын холбоо
2020 оны 7-р сарын 31

Scroll to Top