Мэдээ, мэдээлэл

ЭМГЭНЭЛ ДАЛХААГИЙН БАЛДАНДОРЖ /1963-2020/

Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хорооны гишүүн, “Наранбулагхан” ХХК-ийн захирал Д.Балдандорж нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өвчний учир таалал төгслөө.

Дарь овогт Д.Балдандорж нь 1963 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. Авто Тээврийн Техникумыг 1986 онд “Авто замын техникч” мэргэжлээр, Удирдлагын Академийг ”Бизнесийн удирдлагын менежер” мэргэжлээр 2009 онд тус тус төгссөн. Авто замын салбарт тасралтгүй 31 жил ажиллажээ. Зам, гүүрийн зураг төслийн институтэд зураг төслийн геодезийн ахлах техникчээр ажлынхаа гарааг эхэлж, Ховдын Шургийн голын гүүрийн хайгуул, Увсын Намирийн голын гүүрийн хайгуулд геодезийн ахлах техникчээр ажиллаж, 1996 оноос “Наранбулаг хан” ХХК – ийг үүсгэн байгуулж Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.

1986-1994 онд Ховд-Буянтын 20км, Өвөрхангай-Арвайхээрийн 20км, Хужиртын 20км, Тариний голын гүүр, Хархорин чиглэлийн 40км хатуу хучилттай авто замын зураг төсөл, хайгуулын ажилд оролцож байсан. ЗГЗТҮШ-ний институтэд байхдаа Төв аймгийн Батсүмбэрийн САА чиглэлийн замыг үлгэр жишээ тэмдэгжүүлэх ажлын багт орж ажиллаж байсан. 2001 оноос АХБ-ны хөнгөлттэй зээлийн хүрээнд Авто замыг эзэнтэй болгох, зам хариуцагч байгууллагад хувийн хэвшлийн оролцоог нэвтрүүлэх чиглэлээр авсан арга хэмжээг дэмжиж Улаанбаатар-Арвайхээрийн чиглэлийн Уушгийн хөтөл хавийн 60 гаруй км замыг хариуцан ажиллаж, “Наранбулаг хан” ХХК нь Зам хариуцагчийн барилга барьж, үйлдвэрлэлийн баазыг бий болгож, энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр Авто замын засвар арчлалтын үйл ажиллагаанд болон зам хариуцагчаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ажиллах ажлын эхлэлийг тавьсан юм.

Д.Балдандорж нь Нийслэл Улаанбаатар хотын авто замыг сайжруулах, сүлжээг өргөтгөх чиглэлээр олон бүтээн байгуулалтын ажилд оролцон , олон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэж, Энэбишийн уулзварын өргөтгөл шинэлэлийн ажил, Саппорогийн уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрний авто замын суурь болон хучилтын ажлыг “Наранбулаг хан” ХХК нь манлайлан ажилласан байна.

Мөн улсын болон орон нутгийн чанартай замын бүтээн байгуулалтын ажилд оролцон Жаргалтхаан-Өндөрхаан чиглэлийн 17 км хатуу хучилттай замын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Орхон- Хишиг-Өндөр чиглэлийн 12.8 км хатуу хучилттай замын ажил, Чингис хот-Дадал чиглэлийн 50 км авто замын ажил, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж, олон залуусыг ажлын байраар хангаж, асфальтбетон завод, чулуу бутлуурын болон цементээр бэхжүүлсэн суурийн материалын үйлдвэрлэлийг эрхлэн авто замын салбарын үндэсний хүчирхэг компанийг бий болгоход өөрийн хүч хөдөлмөр зориулан манлайлан ажиллаж байсан билээ.

Д.Балдандоржийн Монгол улсын авто замын хөгжилд өөрийн бүхий л амьдрал, нөр их хөдөлмөр, авьяас чадвараа зориулан ажиллаж бодит хувь нэмрээ оруулж ирсэн гавъяаг төр засаг өндрөөр үнэлж 2010 онд Тэргүүний замчин, 2013 онд Нийслэлийн тэргүүний ажилтан, 2014 онд Тэргүүний ажил олгогч, 2014 онд Алтангадас, 2019 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн 2012 онд Монголын авто замчдын холбооны дээд шагнал Есөн эрдэнийн цом Аварга удирдан зохион байгуулагчаар шагнагдаж байсан.

Д.Балдандорж таны авто замын салбарын төлөө зүтгэсэн хөдөлмөр зүтгэл, манлайлагч, шулуун шударга, нөхөрсөг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Зам тээврийн хөгжлийн яамны

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Монголын авто замчдын холбоо

2020.10.06

Scroll to Top