Авто замын салбарт ажиллагсдын ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, ажилтныг сургах, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эдгээрт тавих хяналт, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм” ЗЗБНбД 15-002-2016-г Зам, тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 182/А/195 тушаалаар батлагдан авто замын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Энэхүү дүрмийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо- шаардлага MNSOHSAS 18001:2012, тус стандартыг хэрэгжүүлэх заавар болох MNSOHSAS 18001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 155 конвенцийн 164 дүгээр зөвлөмжийг үндэслэн авто замын барилгын ажлын үе шатны ажил бүрээр боловсруулан гаргасан.
Энэ норм ба дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа авто зам, гүүрийн хайгуул зураг төсөл боловсруулах, барилгын ажилд хяналт тавих, болон бусад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болон барилга угсралт, засвар арчлалт, замын материал үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өмчийн хэлбэр үл харгалзан өөрийн дотоод дүрэм журамтай хавсран заавал дагаж мөрдөнө.
Иймд салбарын аж ахуйн нэгж байгууллагуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа энэхүү дүрмийг мөрдөж хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна.
Жич: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм /33БНбД 15-002-2016-г/ цувралаар хүргэх болно.