Мэдээ, мэдээлэл

АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛСАН ЭРХМҮҮД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛСАН ЭРХМҮҮД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2021 оны 02-р сарын 08-ны өдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, авто зам, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүсийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одонгоор шагналаа.

Авто замын салбараас Б.Эрхэмбаяр “Гавьяат барилгачин” цол тэмдэгээр шагнагдлаа.

“Гавьяат барилгачин” цол тэмдэгээр шагнагдсан Б.Эрхэмбаяр инженертээ Монгол авто замчдын холбооны өмнөөс болон нийт замчдынхаа өмнөөс баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

БААТАРЫН ЭРХЭМБАЯР

Б.Эрхэмбаяр нь 1952 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1972-1977 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг дүүргэж гүүр тоннелийн инженер мэргэжлийг эзэмшсэн.

1977-1981 онд ТЭШЗТИнститутэд ЭША, зургийн инженер, 1981-1984 онд СнЗ-ийн дэргэдэх АЗГазарт мэргэжилтэн, 1984-1987 онд ЗГМБҮйлдвэрт ерөнхий инженер, 1987-1992 онд ШУҮ-ийн Авто зам нэгдэлд зургийн инженер, групп болон зураг төслийн товчооны дарга, 1992-2001 онд “МОНАЗ” ХХК-д захирал, 2001 оноос одоог хүртэл “ГБЭТ” ХХК-д захирлын ажлыг хийж байна.

Авто замын дээд сургууль төгссөнөөсөө хойш авто замын салбарт тасралтгүй 42 жил ажиллахдаа Б.Эрхэмбаяр инженер дараах обьектуудын зураг төслийг гардан гүйцэтгэсэн юм. Үүнд: Байдрагийн голын төмөрбетон гүүр, Ховд аймгийн Бодончийн хавцалын (8 гүүр) төмөрбетон гүүрүүд, Увс аймгийн Сагил болон Боршоогийн төмөрбетон гүүрүүд, Завхан аймгийн Яруугийн төмөрбетон гүүр, Архангай аймгийн Их тамираас Тариат хүртлэх замын төмөрбетон гүүрүүд, Хөвсгөл аймгийн Галт Идэр, Эг-Үүр болон Тэшиг Эгийн голын төмөрбетон гүүрүүд, Архангай Тэрхийн голын төмөрбетон гүүр, Сэлэнгэ Зүүрбүрэн болон Зэлтэр, Завхан Тэсийн төмөрбетон гүүрүүдээс гадна “Мянганы зам”-ын үндсэн гүүрүүд болох Хонгио, Шураг, Завханы Сархайрхан, Тогосын хоолой, Идэр болон Тэгшийн төмөрбетон гүүрүүд зэрэг олон арван гүүрүүдийн зургийн зохиогч инженер бөгөөд дээрх гүүрүүд нь амжилттай сайн ашиглагдаж байгаагийн зэрэгцээ сүүлийн үеийн гүүрүүдэд шинэ хийц технологийг амжилттай нэвтрүүлж чадсан нь зохих үр дүнгээ өгч байна. Жишээ нь Завханы Сар хайрхан Завхан голын, Тэрэлж Туул гол Горхийн гүүрүүдийг 42.5 м-ийн урт, хайрцаган огтлолтой алгаслалтайгаар, Хонгион гүүрийн алгаслал байгууламжийг боловсронгуй болгож хэрэглэсэн, Шураг болон Тогосын хоолойн гүүрийн алгаслал байгууламжийн дам нурууг “i” хэлбэрийн шинэ хийцээр төсөллөсөн байна.

Тэрээр Авто замын салбарт материал үйлдвэрлэлийн барилга байгууламжийг анх удаа төсөллөсөн бөгөөд энэ хүрээнд Баруун хараа, Цэцэрлэг, Баян-Өлгийн асфальтобетон заводууд, Баруун хараагийн чулуу бутлах үйлдвэр зэрэг барилга байгууламжийн зураг төслийг амжилттай хийж гүйцэтгэж байсан байна. Б.Эрхэмбаяр инженер нь Улсын чанартай авто замын сүлжээнд хамаарах Лүн, Байдраг, Мянгад, Өлгийн Ховд, Гурт, Заамар, Орхон болон Хэрлэн зэрэг 20 гаруй төмөрбетон гүүрүүд, Мөн Улаанбаатар хот Туул голын Баянзүрх, Их тэнгэр, Зайсан, Яармаг, Сонсголон, Биокомбинатын төмөрбетон гүүрүүд, Гурвалжин, Энхтайваны гүүрэн гарцуудын техник-ашиглалтын судалгааг иж бүрэн, чанарын сайн үнэлгээтэй хийж гүйцэтгэснээс гадна Яармагийн төмөрбетон гүүрийн хэв гажилтын заадасны бүтээц, Лүнгийн төмөрбетон гүүрийн алгаслал байгууламжийн бүтээцийг шинэ арга технологиор төсөллөсөн нь нь салбарын шинжилгээ судалгааны ажилд шинэлэг зүйл болсон гэж зүй ёсоор үнэлдэг. Мөн нийслэл Улаанбаатарт Сэлбэ голын Дамбадаржаа, Хүүхдийн 2-р эмнэлэгийн дэргэдэх Сэлбийн голын төмөрбетон гүүр, Бэлхийн голын төмөрбетон гүүрээс гадна Хүнсний 20 дугаар (хуучин нэрээр) дэлгүүрийн дэргэдэх явган хүний нүхэн гарц болон 10 гаруй гүүрүүдийн засварын ажлын зураг төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Б.Эрхэмбаяр инженер дээр дурдсан ажлуудаас гадна УБ-Дархан-Алтанбулаг, Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Мөрөн, Эрдэнэсант-Арвайхээр, Чойр-Сайншанд-Замын Үүд зэрэг олон улсын төслүүдэд зөвлөх инженерээр амжилттай ажилласан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн болохоо харуулж чадсан. Энэ хүрээнд Ерөө голын төмөрбетон гүүрийн засварыг маш яаралтай хийх даалгаварыг амжилттай гүйцэтгэж, алгаслал байгууламжийг өргөх ажиллагааг шинэ аргаар зохион байгуулсан нь шинэ бүтээлээр шалгарч баталгаажсан болно.

Б.Эрхэмбаяр нь шинэ бүтээл 1, оновчтой санал 10 гаруйг гаргаж баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь олон арван саяаар хэмжигдэх хэмнэлт болж, зохих үр дүнгээ өгсөөр байна. Тэрээр “Хүнхэр хавтан дам нурууны шинэ хийц технологи”, “Төмөрбетон гүүрийн алгаслал байгууламжийг боловсронгуй болгох” зэрэг эрдэм шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна “Газар хөдлөлттэй бүс нутагт барилга байгууламжийг төсөллөх нь” БНбД, мөн “Гүүр ба хоолой” төсөллөх норм ба дүрэмд Монгол орны онцлог болох халиа тошин, судалгаагүй голын их усны тооцоо, голдиролоо өөрчилдөг голуудад гүүрийг төсөллөх зэрэг онцгой нөхцлүүдийг нормчилсон нь олон улсын практикт цоо шинэ зүйл болсоны зэрэгцээ, сүүлийн үед нэвтэрч байгаа шинэ хийц бүтээцийн төсвийн нэгжийн норм үнэлгээг шинээр боловсруулан гаргасан нь норм нормативын хүрээнд томоохон ажлуудын нэг болсон байна.

Б.Эрхэмбаяр инженер сүүлийн үеийн шинжилгээ судалгааны ажлуудыг ШУТИСургууль болон гадаадын өндөр хэмжээний мэргэжилтнүүдтэй санал солилцож, тэдний санал зөвлөмжийг ажилдаа тусгаж ажилладаг нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болж байгаагийн зэрэгцээ “Өндөр бат бэхтэй бетон”, “Монгол орны хавар болон намрын шилжилтийн үедүүдэд бетоныг хөлдөлтөөс хамгаалах нь” гэсэн сэдэвт илтгэлүүдийг олон улсын онол практикийн бага хуралд тавьж хэлэлцүүлсэн нь манай шилдэг судлаач инженер болохыг харуулж байна. Мөн Эрдэнэсант-Арвайхээрийн 215 км авто зам болон Баруун бүс нутагт баригдсан хайрган замуудыг барих олон улсын тендерийн материалыг Дэлхийн банкны төслийн шугамаар боловсруулсан нь цаашид манай мэргэжилтнүүд бие дааж олон улсын төсөлд оролцох эхлэлийг тавьсан юм.

Зөвлөх инженер Б.Эрхэмбаяр нь инженерүүдийг давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, мөн гүүрийн инженерүүдийг ШУТИС-иар бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа сурган хүмүүжүүлэгч гэж зүй ёсоор тодорхойлогдож байна.

Scroll to Top