Улаанбаатар-Хөшигтийн хөндийг холбосон хурдны зам тавина

11 March, 2015
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Хөшигтийн хөндийг холбосон хурдны зам тавихаар болжээ. Энэ хүрээнд зургаан эгнээ бүхий 32 км, нэгдүгээр зэрэглэлийн авто зам барих ажилд нийтдээ 192 тэрбум төгрөг шаардагдах юм. Монгол Улсад 2016 онд АСЕМ-ын хурал болох гэж байгаатай холбогдуулан 2016 оны 2-р улиралд Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын онгоц буух зурвасыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баруун аймгуудыг авто замаар холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хэд хэдэн чиглэлийн авто замыг концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэжээ. Говь-Алтай- Баянхонгорыг 126 км замаар холбох, цаашаа Ховд руу үргэлжлэх авто зам, Завханын Тосонцэнгэлээс–Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км авто зам барих ажлыг холбогдох компаниудтай концессийн гэрээ байгуулж ажилд нь оруулахыг Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна.